Wednesday 7 February 2018

Нүүрний арчилгаа. Шар сүү, yellow water

Дэлхий дээр алгын чинээ нүүр цэвэрлэхэд олон улсын нэртэй, мөнгөтэй компаниуд олон жилийн туршилтаараа тоолж үл барам бүтээгдэхүүнийг бидний, ялангуяа эмэгтэйчүүдийн хэрэгцээнд үйлдвэрлэж байна. Гэхдээ энэ олон нэр төрөл ихэнхдээ зөвхөн цагаан арьстай эмэгтэйчүүдэд зориулсан байдаг. Тэгвэл сүүлийн арван жилийн хугацаанд азийн эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүнийг солонгос, японы, ялангуяа солонгос гоо сайхны компаниуд тууштай рекламдасны хүчээр барууны бүтээгдэхүүнээс илүү ази тивдээ, дэлхийн хүн амын олонх нь амьдардаг, тэргүүлэхээс гадна барууны зах зээл рүү хүчтэй түрж орж ирж байна.

Хамгийн их орлоготой гоо сайхны компаниудын тоонд Procter&Gamble, Hoevir Holdings, Unilever, LG Houselhold, L'Oréal, Natura Cosmetics, Beierdorf, Estee Lauder Companies, Kosé Corporation, Henkel нар ордог юм байна. Эх сурвалж: The Times. 12 December 2017. Энд цааш нь дурдвал дэлхий дээр гоо сайхны хамгийн их бүтээгдхүүн үйлдвэрлэдэг компаниудын эхний 14-ийг жагсаавал: LÓreal, Unilever, P&G, Estee Lauder, Shiseido, Beiersdorf, Amorepacific, Kao, LVMH, COTY, Chanel, Lbrands, Avon, Henkel. Гоо сайхны бүтээгдэхүүн нь жилдээ 445 billion америк долларын худалдааг дэлхий даяар жилдээ хийдэг гэнэ дээ.

Энэ олон тооны бүтээгдэхүүнээс өөрт таарсныг нь олж авч хэрэглэнэ гэдэг бол хэдэн сая долларын дайны талбарт ганц дайчин ганцаарддаг. Яавал дээр вэ? Миний хувьд олон жилийн хугацаанд барууны нэртэй олон компанийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж, хэрэглэх гэж оролдсон тэгээд яав, хэдэн жилийн өмнөөс солонгосын бүтээгдэхүүнийг туршиж үзсэнээс хойш ази юм болохоор сэтгэл дагаад ч уу их л таараад байгаа юм.

Бараг л тэдний бүтээгдэхүүн болгон миний алгын чиний нүүрний арьсанд их л таараад байдаг юм. Солонгос найзтай, бас монголчууд олноороо солонгост амьдардаг, мөн солонгосын гоо сайхны блогууд интернетээр дүүрэн байдаг болохоор ямар бүтээгдэхүүн хэрэглэх тухай мэдээлэл маш их байна.

Бас нэг асуулт гарнаа, ихэнх бүтээгдэхүүн химийн найрлагатай, энэ их химийн бодисын улаан нүүрэндээ үргэлж наагаад байх уу, аль эсвэл органик арга түлхүү хэрэглэх үү? За даа, өөрөө гэртээ хийсэн наад захын өндөгний цагаан, шартай маск хамгийн сайнд тооцогдох байх даа. Бас гэр бүлийн эдийн засагт хэмнэлттэй. Ер нь бол интернетээр энэ нь ч сайн, үүнийг хэрэглэвэл долоо хоногийн дотор үрчлээ чинь арилна, цагаан үс чинь алга болно гээд зөндөө юм тавьчихсан байгаа шүү. Тэр болгонд итгэсний хэрэггүй байхаа. Харин өөрийн амьдарч буй орчин, хоол унд, амьдралын хэв маяг энэ бүхэнд хамааралтай. Хаа холын, үгүй ядаж хар, цагаан өнгөтэй арьстай хүний хэрэглэж байгаа зүйлийг шууд дууриан хэрэглэсний хэрэггүй гэж зөвлөмөөр байна.

Нилээн их нуршчих шиг боллоо. Цөөн хэдэн өөрийнхөө хэрэглэдэг зүйлийг та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Одооны хот суурин газрын иргэд болсон бид нар тараг бүрдэг болж байна. Гэртээ бүрсэн таргаа хааяа нэг нүүрэн дээрээ хэдэн минут тавьчихад нүүр чинь зөөлрөөд л ирнэ. Ялангуяа дөнгөж бүрэлдсэн таргыг өлөн элгэн дээрээ уух сайн гэдэг шүү.

Таргаа буцалгаад аарц гаргаад авчихна. Шүүгээд шар сүүгээ мөс хөлдөөгчид хийгээд хөлдөөгөөд оройдоо нүүрээ цэвэрлэснийхээ дараа хөлдсөн шар сүүгээрээ нүүрээ, хүзүүгээ, гараа үрчихвэл бас нэг гоо сайхны арга. Өөрийнхөө бичсэн энэ постыг та бүхэнтэй хуваалцая.

https://www.facebook.com/photo.php?fbid=10213870665134056&set=gm.1791845194442357&type=3&ifg=1

Ийм аргаар бас ногоон цайг хөлдөөгөөд нүүрээ үрж болно шүү. Нэг аяга халуун усанд нэг цайны халбага ногоон цай хийгээд хөргөөд, хөлдөөчихөөрэй. Бас нэг нь сүү хөлдөөгөөд арчдаг гээд биччихсэн байсан. Би бол энэ аргыг туршиж үзээгүй байна даа.

Элдэв янзын химийн бодис хэрэглэж байхаар болж л өгвөл органик аргаар сайхан харагдаж, сэтгэл өөдрөг алхаж яваарай, бүсгүй минь.


LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails