Tuesday, February 18, 2014

Шинэ он, морин жил

Намайг блогоо бичих гэсээр байтал аль хэзээний шинэ он гараад хуучирч байна.  Бас Морин жил хар хурдаараа давхиад өнгөрөх шинжтэй.  Аль алийг нь сайхан угтлаа.  Баяр хөөр, аз жаргал, бас хажуугаар өвчин зовлон гээд бас яаж зүгээр байхав дээ.  Оросууд старость не радость гэдэг тэрэн шиг л юм болоод байх шиг байна даа. 

Морин жил үнэхээр хийморьтой байнаа.  Морь, хийморь гэдэг хоёр үг их л төстэй. Бараг 14 жил идэж үзээгүй цагаан сарын ул боовыг энэ жил бараг хэтэртлээ идэж байна.  Гүйхээс илүү суух болсон болохоор нөгөө жин нь нэмэгдээд талийгаад өгөх шинжтэй.

Хэдэн жилийн өмнө интернетээр тэнэж яваад нэгэн сүрхий хүүгийн блогт зочилж, зүсийг нь хараагүй л дээ, одоо үед ч иймэрхүү танилууд олширсон доо, би ичих ч үгүй надад нэг ул боов явуулаач гэж гуйсан юм л даа. Тэгсэн энэ жил ирлээ. Ирэх ирэхдээ бүр таван ширхэг, бас хажуудаа дагуултай... Ааруул.  Ааруулыг нь бага охин бид хоёр бараг булаацалдаад идээд дууслаа. Нэг ул боовыг нь хөлдөөчихлөө.  Нэгэн сайхан өдөр гаргаж идээд цайндаа хийгээд иднээ хөө. 

Нөгөө улиг болсон хэдэн цүнхээ оёсоор л байна. Бас хажуугаар нь зүйлмэл эдлэлээ бас ганц нэг оёчихлоо.  Тавганы тавиур. Португалын уламжлалт зүрх зурах аргыг өөрийн болгон оёсон юм.



Том охиндоо гутлын хайрцаг дүүрэн даавууны өөдөс өгсөн чинь хэдэн өдөр юм оёлоо. Эвий дээ ядаж товчоо хадаад сурчихвал гэж хууччуул ярьдаг шиг л юм болж байна даа.  Барби хүүхэлдэйндээ өмд, цамц, дэр оёоод тавьчихжээ.  Өнгөрсөн бүтэн сайнд ангийнх нь охин ирж тоглоход тэр хоёр бараг 4 цаг юм оёсон. Эвий эвий...

Өнөө орой яаж хүүхэлдэйндээ пальто оёхыг зааж өглөө. Бас эсгүүр гаргахыг ээж нь бас хар ухаанаараа заасан чинь унтахгүй бараг бүгдийг нь оёоно гэнээ.  Нөгөө номоо тавилгүй уншдаг хүүхэд маань юм оёод хэцүүдэх нь ээ дээ.  Охин өөртөө хуруун хүүхэлдэй оёсон зургийг сонирхоорой


Томынх нь тухай бичээд яаж багыг нь орхих вэ дээ. Орхичихвол нөгөөдөх чинь бөөн хар уур болно. Одоогоор ч уншиж бичиж чадахгүй байгаа л даа. Бага охин өчигдөр цэцэрлэг дээрээ ахлах тогооч болжээ. Нээх том улаан оройтой, цаасаар хийсэн малгай гэртээ авчирсан юм. Ээж нь хөөрөөд зургыг нь ФБ дээр тавьчихсан чинь бөөн Лайк дарагдсан байна.   2 долоо хоногийн өмнөөс хүүхдүүдээр печенье хийлгэдэг болоод байгаа юм. 


Нэг их Валентины өдөр тэмдэглээд сүйд болдоггүй л дээ. Гэтэл нэг өдөр дэлгүүрт явж байгаад нөхөртөө гоё цамц харсан юм. Төрсөн өдрийг нь хүлээнэ гэвэл бараг 8 сар хүлээх хэрэгтэй байдаг. Тэр хүртэл би яаж тэвчих билээ дээ. Харсан цамцаа аваад Валентины өдрийн бэлэг гээд өгсөн чинь бага охин бөөн уур, бас хардаад салдаггүй. Надад бэлэг өгсөнгүй л гэнэ. Тайлбарлаад ч нэмэр болдоггүй. Эгчийг нь үнсчихвэл, заавал багыг үнсэх ёстой. Эгчид нь хувцас авбал дүү нь заавал авна гэнэ. Хөөрхөн л дөө. Гэхдээ бас юманд хязгаар байнаа.  Хэд хоног үглээд бага охин тайвширлаа. Оёх.

За нэг иймэрхүү байдлаар он гараад удаж байх шиг байна даа. Шинэ оны төвөлгөгөө гэж нэг том юм гаргасан. Тэрнийгээ хайгаад интернет гэдэг ертөнцөөр ангуучилж явна даа.

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails