Friday 12 December 2014

Португалын хувийн болон улсын эмнэлэг



Саяхны хэдэн өдөр бие өвдөөд, тэсэхээ болиод өөрөө өөрийгөө оношлоод эмчид очоод үзүүлэв. Өглөөний 11 цагт эмнэлгийн хаалгаар машинтайгаа орлоо, машины зогсоол үнэтэй.  Тэгсэн нөгөө эмч маань юу ч мэдэгдэхгүй байна гээд яаралтай тусламжийн эмч рүү явууллаа. Тэнд очоод байцаалтанд ороод, би баахан өвчнөө тайлбарлаад, эмч хоёр гурван хуруугаараа компьютертээ миний талаар тайлан тавиад л байна. Цусны, шээсний шинжилгээ аваад дусал залгачихлаа. Дараа нь эход харна гэнэ. Хүлээгээд л байна. Өдрийн цайны цаг ч болчихлоо. Мэдээж хоолны бараа битгий хэл, хоол ч бодогдохгүй байна л даа, яагаад гэвэл дусал залгуулчихсан юм чинь яаж өлсөх вэ дээ. Нэг бодлын ходоодонд хөнгөн юм даа.

Эход нь очоод үзүүллээ. Бүх юм зүгээр байна гээд 2 янзын, хүйсний дээд, доод хэсгийг эход харсан нэг эмч хэлэв. Хоёр төрлийн эхоны төлбөр авчихаж байгаа юм чинь. Яалтай вэ дээ. Уул нь нэг эмч л, нэг л аппаратаар харсан шүү дээ. Мөлжчих юм л даа.

Буцаад л яаралтын тусламжийн эмчдээ очлоо. Өглөөний эмч ээлж нь буугаад солигдчихож. За тэгсэн нэг өвчний нэр хэлж байна. Хэлэхэд төвөгтэй нэр хэлээд эмийн сангаас эм авчих гээд жор бичиж өгөв. Тэгээд хоёр хоногийн дараа буцаж ирээрэй гээд явуулав.

Эцэст төлбөр төлөх болов. Хувийн эмнэлэг болохоор яалтай вэ дээ.  Дөрвөн эмчийн гар дамжиж, олон шинжилгээ хийсэн гээд бараг 400 евро төлөөд, бас болоогүй 10 хувийн хямдралтай шүү бас, таван цаг эмнэлэгт өнгөрүүлээд гарлаа. Энэ өдрийн хувийн эмнэлэгт өнгөрүүлсөн адал явдал машины зогсоолд бараг 8 евро төлснөөр төгсөв.

Маргааш нь улсын эмнэлэгт хяналтанд байдаг эмчдээ очиж үзүүлэх хэрэг гарсан юм. Өмнө нь цусны шинжилгээ, эход харуулчихсан, бүгд үнэгүй, өглөө эрт ходоод хоосон очих нь л төвөгтэй. Эмчдээ үзүүлсний төлөө 7 евро төллөө. Эмчийн хэлснээр бүх юм ОК байна гэнээ. Мэдээж энэ эмнэлэгт үзүүлэхэд, жишээ нь 10.3-д ир гэсэн бол 11.30 эмчийн өрөөнд орох бүрэн баталгаатай.

Энэ эмч маань өмнө нь намайг хувийн эмнэлэгт үздэг байсан юм. Цусны шинжилгээ, эхоны төлбөр 300 евро ямарч байсан хүрнэ.  Яагаад ч юм улсын эмнэлэгт үздэг болсон юм.  Португалын эмч нар хувийн болон улсын эмнэлэгт ажилладаг юм.

Хэдийгээр би бүх төлбөрийг өөрөө төлж байгаа ч гэсэн дараа эрүүл мэндийн даатгалаасаа 80-ийг нь буцааж авдаг юм. Тийм болохоор нэг их мөнгө төлөөд байгаа ч гэсэн эцэстээ сүйдтэй төлбөр гардаггүй л дээ.







Monday 16 June 2014

Zara, Зара Испанийн компани

1963 оноос Испанийн баруун хойт хэсэгт орших Гализия мужийн Ла Коруна хотод анхны эхнэртэйгээ банны халаат оёж бизнесийн гараагаа эхэлж, Зара нэрийг дэлхийд алдаршуусан Амансио Ортега Гаона (Amancio Orgeta Gaona) одоо Испанийн хамгийн баян, Форбесийн жагсаалтаар дэлхийн номер 4 дэх баян болжээ.

 

1975 онд анхны дэлгүүрээ Ла Коруна хотын төвд нээснээс хойш 1999 он хүртэл түүний гэрэл зургийг олж харах боломжгүй байсан бол одоог хүртэл зөвхөн 3 сэтгүүлчид ярилцлага өгсөнийг тооцоход хувийн амьдралаа олны хараанд оруулалгүй амьдарч чадаж яваа дэлхийн баян болсон байна. 



Зара гэдэг нэр өдийд байхгүй ч байж болох тохиолдол байсан бөгөөд Грекийн Зорба (Zorba) гэсэн Ортегагын хүссэн нэрийг аль хэдийн хэн нэгэн хүн ашиглаж байснаас болоод одоо бидний дуртай Зара гэдэг нэр үүсчээ.

1988 онд Индитекс Групп (Inditex Group) анхны гадаад дахь дэлгүүрээ Португалын Порто хотод нээсэн бөгөөд одоо дэлхий даяар 6390 дэлгүүрт нь 140 үндэстний 92000 ажилчид ажиллаж байна.

Индитекс групп дотор Pull&Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarious, Oysho, Zara Home, Uterque брендүүд багтана.

Pull&Bear, Bershka брендүүд нь дунд сургуулийн сурагчид, оюутнуудад зориулан хувцас үйлдвэрлэдэг.

Stradivarious зөвхөн залуу охид, эмэгтэйчүүдэд хувцсаа зориулна.

Oysho - дотуур хувцас, Zara Home - гар, нүүр, банны алчуур, орны даавуу г.м.

Massimo Dutti, Uterque хоёр бренд нь дундаж орлоготой хүмүүст зориулсан бренд гэж хэлж болно. Эдний хувцас нь чанар сайтай, үнийн хувьд Зара-гаасаа арай илүү үнэтэй. 

Хоёр долоо хоног тутамд Зара дэлгүүрийнхээ хувцасыг шинэчилж байдаг. Парис, Лондон, Нью-Йорк, Милан зэрэг хотууад болдог өвөл, зуны моодны үзүүлбэрт оролцож байгаагүй ч дэлхийд алдартай, люкс бараануудаас илүү олны дунд алдаршсан.


1980-аад оны сүүлээр дэлхийд нэрд гарч эхэлсэн Индитекс групп 2001 5-рсарын 23-нд Мадридын хөрөнгийн биржид хувьцаагаа худалдаж эхэлжээ.

Үүнээс хойш 10 жилийн дараа гэхэд дэлхийн таванд тивд дэлгүүрээ нээсэн байна.

Одоо бүх брендүүд нь интернетээр худалдаа хийдэг болжээ. Испани, Португал, Грект байдаг Зарагийн дэлгүүрт зарагдаж байгаа хувцаснууд бусад Европын орнуудад 30 хувийн илүү бага үнэтэй зарагддаг.  Мэдээж энэ бүхнийг Зарагийн Ла Коруна дахь төвд дизайнарууд нь дэлхийн таван тивийн цаг агаар, хувцаслалтын соёл, баяр ёслолын өдрүүдийг алдалгүй дагаж ажиллаж байгаагаараа Испанийн эдийн засаг битгий хэл, Европын эдийн засаг муу байгаа цагт Индитекс групп хямралд оролгүй ажилласаар байна.



















Эх сурвалж: http://www.inditex.com/en/home
http://www.forbes.com/profile/amancio-ortega/
http://fortune.com/2013/01/08/meet-amancio-ortega-the-third-richest-man-in-the-world/
Noticias Magazine. June, 2014
http://www.theguardian.com/fashion/2013/dec/15/inditex-spain-global-fashion-powerhouse

Sunday 25 May 2014

Португалын амьдрал: Fátima, Фатима, мөргөлчдийн хот

2017 оны таван сарын 12-нд пап лам Франциско Фатима хотод Мариа үзэгдсэний 100 жилийн ойд хүрэлцэн ирж мөргөлчидтэйгээ уулзсан юм. Дэлхийн өнцөг булан бүрээс сая гаруй хүн энэ жижиг хотод бас хамт ирсэн. Энэ өдөр Рики Мартины концерт Лиссабонд болох байсан боловч нэг сараар хойшлогдож билээ.

Жижигхэн хотод сая гаруй хүн хүлээн авна гэдэг бол үнэхээр хэцүү. Лиссабоны зарим улсын байгууллагууд энэ өдрүүдэд хаагдаж, мөргөлчдөд таатай сэтгэгдэл төрүүлсэн байх. Дараа нь бүх юм дууссаны дараа энэ бүх хүмүүсийг буцааж зөөхөд, билет байсан ч унаа олдохгүй хүмүүс олноороо гомдол гаргаж байсныг ТВ-ийн мэдээгээр мэдээлж байсныг санаж байна.

Португал орныг зорьсон Өмнөд Солонгосын жуулчид гэхэд 2017 онд 100.000 хүрсэн гэж нэгэн уулзалтан дээр Өмнөд Солонгосын элчин сайд хэлж байж билээ. Энэ нь Лиссабон, Сеулийн хооронд шууд нислэг нээхэд ч болохгүй зүйл байхгүй баталж байсан.


хххххх
Европын баруун өнцөгт, Атлантын далайн эрэгт орших Португал орон дулаан уур амьсгал, далайн эргээрээ өвөл, зунгүй Европчуудын жуулчлах дуртай орны нэг болоод уджээ.  Зөвхөн далайн эргээс гадна улаан, цагаан, ногоон дарс болон порто дарс амтлах, голф тоглох нь олонтаа.

Мөн мөргөлчид сая саяаараа очдог Фатима хот бий. Лиссабоноос хойт зүг рүү цаг гаруй машинаар яваад хүрэх энэ хот руу явган, унаатай католик шашинтай мөргөлчид, жуулчид зочилно. 

1917 оны 5-р сарын 13-наас өмнө энэ хотыг хэн ч мэддэггүй байсан.  Харин энэ л өдөр хонь, хургаа хариулж явсан Люсия, Франциско, Жасинта гурван хүүхэд Онгоныг \Virgin\ харсан бөгөөд, 10 настай байсан Люсия л түүнийг юу хэлснийг сонсжээ.  Тэрээр, 6 сарын туршид сар болгоны 13-нд ирж байна гэж хэлснээс хойш 10-рсарын 13-нд бараг 70000 хүн цуглууласан гэдэг түүх байдаг юм байна.

Сүм дотор байрлах 3 хоньчин хүүхдүүдэд зориулсан хөшөө



Одоо жил бүрийн 5-р сарын 12, 13-нд, 10-р сарын 12, 13-нд  шил шилээ даран баригдсан зочид буудлууд мөргөлчдөөр дүүрнэ.  Зочид буудлынх нь нэр нь хүртэл Христос, Гэгээн Мария г.м. Библи, католиок шашинтай холбоотой.



Хөгшин, залуугүй ингээд өвдгөн дээрээ мөргөл үйлддэг замтай юм билээ
 Сүмийн мөргөл үйлдэх цагийн хуваариуд

 Бэлэг дурсгалын зүйлээс гадна лам нарын хувцас зардаг дэлгүүрүүд олон


Гэлэнмаа нар шашны дуу дуулж байсан

Олон зуун зочид буудлын нэг нь



Б.Жавхлан

Wednesday 5 March 2014

Цастай, мостэй овол

Зарим хумуусийн хувьд овол дуусаж байхад минийх 3-р сарын 2-нд цаст уулын барааарснаар эхэллээ.

Монгол фонтгуй тул нэг иймэрхуу маягаар л бичих болж байна. Хулцэл очье. Болбол 2 усгийг бага хэрэглэхийг бодье.

Португалд карнавалын амралт эхэлж сургуулийн хуухдууд долоо хоног амрах болсноор бид гэр булээрээ Андорра улсын (Испани, Франц хоерын дунд хавчуулаастай жижигхэн улс) Ел Тартер тосгонд 14 цаг машинаар явж байж ирэв. Арай ч бас 14 цаг жолооны ард суусангуй. Мадридад амьдардаг найзындааа нэг хонож, тэдэнтэйгээ хооролдон, испани хоол амтлан, оройн Мадридаар зугаалаад наашаа дараа одор нь хулгийн жолоог залсан юм.

За явсаар байгааад, 2 охиндоо 2 кино замдааа узуулээд ирлээ. Уул нь ч хурдны замаар тоос татууулах амархан (за дааа эндхийн зам дээр ч тоос гарах бишдээ, худлаа бичээд юу гэхэв) л даа. Даанч сууулийн 2 цаг бол цагт 60 км хурдтай явбал бараг их юм болж байгаа юм даа.

Хилээр оронгуут бидний машиныг зогсоогоод паспорт шалгалаа. Урд нь явж байсан би их л онцгуй харагдсан бололтой доо :)

Энэ жил Андорраг цасаар дараагуй байнаа. Гэхдээ уул цасаар хучигдсан байлаа. Яаран буудалдаа орж, чемоданаа тавьчихаад, цана, цанын гутал холслох дэлгуур луу очсон чинь 7:30- д олон уфлчлуулэгч байна гээд хаалгаа барьчихлаа. Уул нь 8 цагт хаах юм л даа. Мвргааш оглоо нь нойроо хумслан байж эрт очиж цанаа аваад, лифтны билетээ бас худалдаж аваад 2 охиноо цанаар гулгах хичээлд нь хургэж огов. Эхний одор учир 10 цагаа 11:30 хуртэл, дараа нь 1:30-3 цаг хуртэл хичээлтэй. Маргаашнаас нь хичээл хэвэндээ орж 10 цагаас 1 цаг хуртэл хичээллэлээ. Одорт 3 цагийн хичээл 5 одрийн турш 2 хууухдийн групп сургалт нийлээд 238 евро болж байна. Энэ нь англи хэлээр явагддаг анги юм. Энд бас испани хэл дээр сургалт явуулна. Магадгуй франц хэл дээр сургалт явагддаг байх.

Tuesday 18 February 2014

Шинэ он, морин жил

Намайг блогоо бичих гэсээр байтал аль хэзээний шинэ он гараад хуучирч байна.  Бас Морин жил хар хурдаараа давхиад өнгөрөх шинжтэй.  Аль алийг нь сайхан угтлаа.  Баяр хөөр, аз жаргал, бас хажуугаар өвчин зовлон гээд бас яаж зүгээр байхав дээ.  Оросууд старость не радость гэдэг тэрэн шиг л юм болоод байх шиг байна даа. 

Морин жил үнэхээр хийморьтой байнаа.  Морь, хийморь гэдэг хоёр үг их л төстэй. Бараг 14 жил идэж үзээгүй цагаан сарын ул боовыг энэ жил бараг хэтэртлээ идэж байна.  Гүйхээс илүү суух болсон болохоор нөгөө жин нь нэмэгдээд талийгаад өгөх шинжтэй.

Хэдэн жилийн өмнө интернетээр тэнэж яваад нэгэн сүрхий хүүгийн блогт зочилж, зүсийг нь хараагүй л дээ, одоо үед ч иймэрхүү танилууд олширсон доо, би ичих ч үгүй надад нэг ул боов явуулаач гэж гуйсан юм л даа. Тэгсэн энэ жил ирлээ. Ирэх ирэхдээ бүр таван ширхэг, бас хажуудаа дагуултай... Ааруул.  Ааруулыг нь бага охин бид хоёр бараг булаацалдаад идээд дууслаа. Нэг ул боовыг нь хөлдөөчихлөө.  Нэгэн сайхан өдөр гаргаж идээд цайндаа хийгээд иднээ хөө. 

Нөгөө улиг болсон хэдэн цүнхээ оёсоор л байна. Бас хажуугаар нь зүйлмэл эдлэлээ бас ганц нэг оёчихлоо.  Тавганы тавиур. Португалын уламжлалт зүрх зурах аргыг өөрийн болгон оёсон юм.



Том охиндоо гутлын хайрцаг дүүрэн даавууны өөдөс өгсөн чинь хэдэн өдөр юм оёлоо. Эвий дээ ядаж товчоо хадаад сурчихвал гэж хууччуул ярьдаг шиг л юм болж байна даа.  Барби хүүхэлдэйндээ өмд, цамц, дэр оёоод тавьчихжээ.  Өнгөрсөн бүтэн сайнд ангийнх нь охин ирж тоглоход тэр хоёр бараг 4 цаг юм оёсон. Эвий эвий...

Өнөө орой яаж хүүхэлдэйндээ пальто оёхыг зааж өглөө. Бас эсгүүр гаргахыг ээж нь бас хар ухаанаараа заасан чинь унтахгүй бараг бүгдийг нь оёоно гэнээ.  Нөгөө номоо тавилгүй уншдаг хүүхэд маань юм оёод хэцүүдэх нь ээ дээ.  Охин өөртөө хуруун хүүхэлдэй оёсон зургийг сонирхоорой


Томынх нь тухай бичээд яаж багыг нь орхих вэ дээ. Орхичихвол нөгөөдөх чинь бөөн хар уур болно. Одоогоор ч уншиж бичиж чадахгүй байгаа л даа. Бага охин өчигдөр цэцэрлэг дээрээ ахлах тогооч болжээ. Нээх том улаан оройтой, цаасаар хийсэн малгай гэртээ авчирсан юм. Ээж нь хөөрөөд зургыг нь ФБ дээр тавьчихсан чинь бөөн Лайк дарагдсан байна.   2 долоо хоногийн өмнөөс хүүхдүүдээр печенье хийлгэдэг болоод байгаа юм. 


Нэг их Валентины өдөр тэмдэглээд сүйд болдоггүй л дээ. Гэтэл нэг өдөр дэлгүүрт явж байгаад нөхөртөө гоё цамц харсан юм. Төрсөн өдрийг нь хүлээнэ гэвэл бараг 8 сар хүлээх хэрэгтэй байдаг. Тэр хүртэл би яаж тэвчих билээ дээ. Харсан цамцаа аваад Валентины өдрийн бэлэг гээд өгсөн чинь бага охин бөөн уур, бас хардаад салдаггүй. Надад бэлэг өгсөнгүй л гэнэ. Тайлбарлаад ч нэмэр болдоггүй. Эгчийг нь үнсчихвэл, заавал багыг үнсэх ёстой. Эгчид нь хувцас авбал дүү нь заавал авна гэнэ. Хөөрхөн л дөө. Гэхдээ бас юманд хязгаар байнаа.  Хэд хоног үглээд бага охин тайвширлаа. Оёх.

За нэг иймэрхүү байдлаар он гараад удаж байх шиг байна даа. Шинэ оны төвөлгөгөө гэж нэг том юм гаргасан. Тэрнийгээ хайгаад интернет гэдэг ертөнцөөр ангуучилж явна даа.

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails